Миний өвөг эцэг Туваандоо овогтой Сайнбуян 1911 онд одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт төрсөн. Нийгмийн гарал малчин, яс үндэс халх. 1930 он хүртэл гэртээ мал аж ахуйдаа туслаж байгаад, 1930 онд Дорноговь аймагт нягтлангийн курст элсэн суралцаж төгсөөд коммуны нягтлан бодогч, аймгийн Эвлэлийн үүрийн дарга зэрэг ажлыг хийж байсан. 1932 онд Автын жолоочийн курст суралцан төгсөж жолооч болсон байна. Улмаар Монголтех-д механик, Дотоод Яамны 4-р газарт ажилтан, Автоинспекцид гүйцэтгэх офицер зэрэг ажлуудыг хийж байгаад улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн 1938 оны 4 сарын 6-аас эхлэн 3 жил 11 сарын хугацаанд шоронд суугаад, 1942 онд цагаатгагдан сууллагдсан. 1945 онд тусгай үүргийн офицероор Халхын голын дайнд үүрэг гүйцэтгэж байсан. Үүнээс хойш Хоршоодын холбооны Авто тээврийн бааз, Гадаад Худалдааны Яамны авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байгаад, Гадаад Худалдааны Яамны Авто тээврийн бааз татан буугдахад, Авто тээврийн хот хоорондын 5-р баазад шилжин ажиллаж байгаад 1977 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Өвөөг тээврийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллахдаа хариуцсан ажил хөдөлмөртөө амжилт гаргасныг төр засгаас үнэлэн “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Бид ялав” медаль болон 40, 50 жилийн ойн медалиудаар тус тус шагнажээ. Өвөө маань гавьяаныхаа амралтанд сууж байгаад 1998 онд 87 насандаа насан өөд болсон.
Миний аав Сайнбуян овогтой Боожоо 1943 оны 12-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Багадаа ясли цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1952 онд 4-р бага сургуульд орж суралцаад 1956 онд төгссөн. 1956 ондоо ЗХУ-ын Москва хотын Циркийн сургуулийн шалгалтанд орж тэнцээд тус сургуульд элсэн, “ Агаарын гимнастикч”-ны мэргэжлээр суралцаж төгсөж ирээд цирк д ажиллаж байгаад сургуулилалтын үед унаж хүзүүний ясны гэмтэл авсан учир 1961 онд ажлаасаа гараад Нийслэлийн 23-р сургуулийн оройн ээлжийн ажилчин залуучуудын сургуулийн 10-р ангид орж суралцаад 1962 онд Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар Гадаад Явдлын Яаманд ажиллаж байгаад 1966 онд МУИС-д элсэн суралцаж 1971 онд МУИС-ийг Философич мэргэжлээр төгссөн. 1971 оноос Гадаад Явдлын Яам, Шинжлэх Ухааны Академийн Философи социологи судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, БНПУ-ын Элчин сайдын яам, БНУУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын ТАСС сурвалжлагчийн газар тус тус ажиллаж байгаад 2002 онд өвчний улмаас нас нөгчсөн. 1991 оны 8-р сарын 2 нд соёл иргэншлийн монгол бичгээр анхны “Монголын Жаран” сонинг гаргаж байсан. Миний эцэг ажлынхаа зэрэгцээ орчуулга, нийтлэл зэргийг бичиж хэвлүүлж байснаас дурьдхад: Лермонтовын “Демон” найраглалыг монгол хэлнээ хөрвүүлсэн (1987 онд Октябрийн туяа сэтгүүлд хэвлүүлсэн), Астрид Линдгрений “Ах дүү хоёр арслан зүрхт”, Энциклопедический словарь Монголии, Путины “Тэргүүн”-ийн монгол хэлнээ хөрвүүлсэн, Монгол – Орос толь бичиг гм ордог.
Боожоо овогтой Лакшми миний бие 1971 оны 5-р сарын 23 нд Улаанбаатар хотод Боожоогийн 3 дахь охин болон төрсөн. 1979 он хүртэл хугацаанд тухайн үед Улаанбаатар хотод хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах ажилд ахан дүүсийн туслалцаа үзүүлж байсан БНАГУ-ын мэргэжилтнүүдийн гэр бүлд хүмүүжиж өсөөд, 1979 онд УБ хотын Зөвлөлтийн 3-р дунд сургуульд элсэн суралцаж байсан бөгөөд 1981-82, 1984-85 онуудад БНАГУ-ын Берлин хотноо гэр бүлээ даган шилжин суралцаж байгаад 1989 онд УБ хотын Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг Бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн. 1989-90 оны хичээлийн жилд МУИС-ийн Герман хэлний бэлтгэл ангид суралцан төгсөж, 1990 онд БНАГУ-ын Нордхаузен хотын бэлтгэл ангид элсэн суралцаж 1991 онд төгсөөд, 1991-94 онд Форст хотын Эдийн засгийн мэргэжлийн сургуулийг төгссөн. 1994-98 онд Дрезден хотын Эдийн засаг техникийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-2002 онуудад ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг техникийн дээд сургуулийг эдийн засаг, олон улсын менежмент мэргэжлээр төгссөн. 2002-2003 онд Австри улсын Венийн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтанд суралцан төгссөн. 1998 2002 онуудад суралцахын зэрэгцээ “ Глейс Лутц” өмгөөллийн олон улсын товчоонд туслах ажилтнаар, 2003-2004 онд Берлин хотноо “ Марен томсен”хэмээх хэвлэлийн компанид маркетингийн менежерээр ажиллаж байсан . 2004 онд нутагтаа ирээд “ Мигма” ХХК-д маркетингийн албаны дарга, 2007 оноос “ Наран моторс” ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2010 оноос Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Герман – Монголын гүүр ТББ-ийг удирдах зөвлөлд сонгогдон ажилсан, 2014 – 2019 он хүртэл Улаанбаатар Хөгжлийн корпорацийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эмэгтэй захирлуудыг клубын гишүүн (2014 оноос), Санхүүгийн зах зээлийн холбооны гишүүн.
Одоо ам бүл 6, нөхөр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг.